Энэ өдрийн амгаланг эрээд эрүүл мэнд булангийнхаа эхний мэдээг та бүхэндээ хүргэж байна. Энэхүү булангаараа дамжуулан таны эрүүл мэндэд бага ч болов тус нэмэр хүргэх үүднээс мэдээ, мэдээлэл хүргэж байх юм. Өнөөдөр судасны хатуурал гэх өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай мэдээлэл оруулахыг зорьлоо. Танд хэрэгтэй гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна.
Мэдээж бид энэ асуултад бүрэн, дэлгэрэнгүй хариулж чадахгүй ч гэлээ судасны хатууралтай тэмцэнэ гэдэг нь хүний амьдралыг уртасгах нэг арга гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Юуны өмнө хооллолтондоо анхаарах хэрэгтэй. Тэгвэл юунаас болж судас хатуурахад хүргэж байна вэ?
- Хэт их биеийн жин, таарч тохирохгүй хооллолт
- Тамхи татах
- Бага хөдөлгөөн хийдэг амьдралын хэвшил
- Сэтгэл бухимдуулах нөхцөл шалтгаан гэх зэрэг зүйлс нөлөөлдөг байна.
Хоолны бүрэлдэхүүнд орж буй өөх тосны хэмжээг онцгой анхаарах хэрэгтэй. Амьтны гаралтай өөх, тосыг бүр багасгах хэрэгтэй. Ургамлын тосыг өргөн хэрэглэх хэрэгтэй ба 1 өдрийн хэрэглэж буй өөх тосны 2/3 хүртэл хувийг эзлэх ёстой. Тухайлбал наранцэцэг, буурцаг, газрын самрын тосыг түүхий ногоон дээр хийж хэрэглэх нь зүйтэй. Харин шарж хэрэглэх нь тохиромжгүй юм. Учир нь шарсан нөхцөлд ургамлын тос чанараа алддаг байна. Өөх, тос ихтэй хоол хүнс өргөн хэрэглэснээрээ биеийн жин ихсэж, нэг ёсондоо таргалалт бий болдог. Энэ нь судасны хатуурлыг үүсгэх нэг том шалтгаан болдог байна. Үүний тулд шинэхэн сүү, тараг, ногоо, жимс жимсгэнийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж байх хэрэгтэй.
Тамхи нь судасны хатуурал үүсэх үндсэн шалтгаан болж өгдөг байна. Тамхинд орших элдэв хорт бодисууд нь биеэр тархаж, зарим эрхтнийг гэмтээхээс гадна бүх биеэр байрлах судас, судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Ингэснээр мөн судасны хатуурлыг үүсгэдэг байна. Ер нь тэгээд ч тамхи 5 нас, архи 10 насыг хорогдуулдаг гэж сургамжит үг байдаг шүү дээ.
Хөдөлгөөний хомсдол гэдэг нь орчин үед бүх л өвчний уур уурхай болж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хөдөлгөөн хийнэ гэдэг нь ерөөсөө л биеийн тамираар хичээллэх, идэвхитэй үйл хөдлөл хийхийг хэлж байгаа юм. Хөдөлгөөний хомсдлоос болж нөгөө айхтар таргалалт гэх өвчин тусах магадлал хэвийн байдлаас хамаагүй өндөр түвшинд хүрдэг байна. Хүний биед орших аливаа шим бодисууд хийгээд бусад эд эсүүд нь хөдөлгөөнд оршиж байж, хүчээ сэлбэж сэргэг болдог байна. Тэгэхээр биеийн тамир, спортоор хичээллэх хэрэгтэй юм. Ингэснээр хүн эрч хүчээр дүүрэн амьдрах үндсийг олж авах ба мөн судасны хатуурлаас сэргийлж байгаагийн хэрэг юм. Орчин үед фитнэсс клаб, бассэйн , спорт залууд олшрох болсонтой холбоотойгоор хөдөлгөөний хомсдолд орохгүй байх боломж их байгаа шүү дээ.
Амьдралд тохиох олон бэрхшээлтэй асуудлууд хүнийг стрэсст оруулах нь элбэг байдаг. Хүн стрэсст орсноороо уур бухимдал, уцаар ихтэй болдог бөгөөд үүнээс шалтгаалан биеийн эд эс үхэж, үрэгддэг байна. Мөн хүний тархины үйл ажиллагаанд асар их сөргөөр нөлөөлж, улмаар судасны хатуурал, цаашлаад элдэв янзын эмгэг, өвчин тусах эх үүсвэрийг тавьдаг байна. Тэгэхээр аль болох аливаад өөдрөг, ухаалгаар хандаж саад бэрхшээлийн өмнө бөхийлгүй, даван туулах хэрэгтэй юм. Мөн гэр бүлийн уур амьсгал болон хүрээлэн буй орчин үүнд чамгүй их нөлөө үзүүлдэг байна
Эцэст нь та бүхэн энэхүү аюултай өвчнөөс өөрсдийгөө, өрөөл бусдыгаа хамгаалж, урьдчилан сэргийлнэ гэдэгт итгэлтэй байна. Эрүүл явахад энэ хорвоогийн сайхан бүхнийг амталж, мэдрэх нь дамжиггүй юм. Тиймээс эрүүл мэнддээ анхаарцгаая.
No comments:
Post a Comment